“Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт БСШУСЯ, ХЗДХЯ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс гадна Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооноос Д.Дэмбэрэл, Н.Түвшинсайхан, Г.Ариунаа, Д.Нэргүй, Д.Эрдэнэчимэг нар идэвхтэй оролцлоо.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Мэргэшсэн үнэлгээчдийн холбооны гишүүн, мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар илтгэл тавьж, оюуны өмчийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ХБНГУ төсвийнхөө 3 хувь, Австри, Унгар Улс 3,5 хувийг шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Бид шинжлэх ухааны салбарт гаргаж буй зардлыг нэмэхгүйгээр инновацийг хөгжүүлэхэд бэрх юм. Инновацийг бүтээл болгох, олон улсын түвшинд хүргэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээлийг үнэлэх, үүнээсээ ашиг хүртэх нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Шинжлэх ухааны ололт, оюуны өмчийг аж ахуйн нэгж, төр засаг үнэлэхгүй байгаад бүх асуудал оршиж байна.
Дэвшилттэй тал олон байгаа ч оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ.