Шинэ бүтээлийн хайлтын системийг IPAS-т оруулах, сайжруулах тал дээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын аж үйлдвэрийн өмчийн газрын хэрэгжүүлж байгаа цахим системтэй холбоотой харилцан мэдээлэл, санаа оноогоо солилцсон. Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага хамтран ажилласны үр дүнд Монгол улсад хамгаалагдаж буй 45000 гаруй барааны тэмдгийн цахим санг Global Brand Database буюу Дэлхийн брэндийн санд ДОӨБ-ын гишүүн 188 орноос 31 дэх улс болж оруулсныг бид өмнө мэдээлж байсан.
Одоо тус систем нь өргөжиж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдээлэлийг хэрхэн хялбаршуулсан хэлбэрээр оруулах тал дээр Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын төлөөлөл бидэнтэй 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзсан. Тус төлөөлөгчийг Жеан Чин гэдэг, тэрээр энэхүү систем дээр ажиллаж байгаа бөгөөд патент барааны тэмдгийн хуулийн зөвлөхөөр ажилладаг юм. Тус уулзалтад Холбооны гишүүд Д.Ганхуяг, Д.Нэргүй, Д.Батдэлгэр, А.Жаргалан, М.Рэгзэнбал, Ц.Золзаяа, Ц.Боргилмаа нар оролцов. IPAS хайлтын системд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын мэдээлэл орсноор хэн бүхэнд хайлт хийхэд хялбар байхаас гадна хэдэн онд ямар патент хэн авсан, хэдийгээр тухайн патентын хүчинтэй байгаа хугацаа дуусч байгаа эсэх, хаана ямар оронд шинэ бүтээлийн патент олгогдсон г.м. судалгаа шинжилгээ хийж болох юм.
Нэмж дурьдахад, Хууль зүйн дотоод хэргийн яамны тушаалаар Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль болон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн ажлын хэсэгт Холбооны зүгээс албан ёсоор орж ажиллаж байгаа. Холбооны гишүүд Э.Гэрэл, Э.Энхжаргал, Д.Нэргүй, Г.Ариунаа, Э.Эрдэнэчимэг, Д.Анударь нар идэвхитэй судалгааны ажил хийж гүйцэтгэсэн. Бид энэхүү хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах санал дээр ажиллаж байгаа бөгөөд цаашид тус хуулиудаар дугуй ширээний уулзалт 2018 оны эхний улиралд зохион байгуулахаар болсон.