Оюуны өмч эзэндээ ямагт баялаг авчирдаг, гэвч …

Оюуны өмчийн тогтолцоонд төр, хувийн хэвшил, иргэн, төрийн бус байгууллагууд дундаас мэргэжлийн томоохон төлөөлөгч болох танай “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо” ТББ-ыг онцолж ярилцлагынхаа анхны дугаарт урьж оролцсон болно.

МОӨИТХолбооны Тэргүүн Н.Түвшинсайхан

  • Холбооныхоо тухай танилцуулж зорилго, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү?

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь 2006 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 онд шинэчлэгдсэн. 

Тус Холбоо нь гишүүдэд үйлчиллэх, ашгийн бус төрийн бус байгууллага юм. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, оюуны өмчийн салбарыг хөгжүүлэх, оюуны өмчийн чиглэлээр хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, улмаар энэ салбарын бодлогыг хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн бичигт өөрийн саналаа боловсруулж өгөхөд оршино. Харин бүтцийн хувьд тус Холбооны Удирдах Зөвлөл нь 5 гишүүнтэй бөгөөд 2 жил тутам нийт гишүүдийн хурлаар шинээр томилогддог юм. Манай Холбоо нийт 35 гишүүнтэй, гишүүд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд тухайн салбарт олон жил ажилласан, туршлагатай бие даасан төлөөлөгчид байдаг.

  • Оюуны өмчийн салбарт итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гол үүрэг оролцоо юу вэ?

Үйлчлүүлэгчддээ оюуны өмчийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл, чиглэл өгөх, онцгой эрхийн хувьд ямар эрхүүд эдэлж болох, эрхийн хамгаалалт хийлгэснээр ямар давуу талууд бий болох, мөн бусад гэрээний үндсэн дээр ашиглуулах, ашиглах зөвшөөрөл олгох зэрэг хууль эрх зүйн зөвлөгөө өгч, цаг алдалгүйгээр бүртгэлийг нь гүйцэтгэдэг.

  • Мэргэжлийн үлчилгээ үзүүлсний төлбөр, ажлын хөлс ямар байдаг вэ? Үйлчлүүлэгчид хэр олон вэ?

Үйлчилгээний төлбөр нь өөр өөр байдаг ба тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн туршлагаас хамаардаг. Холбооны гишүүн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.amipa.org.mn сайтаас авах боломжтой.

  • Оюуны өмчийн салбарт тулгарч буй саад бэрхшээл, түүнээс гарах гарц боломжийг хэрхэн харж байна вэ?

Салбар бүр өөрийн гэсэн бэрхшээлтэй. Манайд оюуны өмчийг хүмүүс ерөнхийд нь шинэ бүтээл, оновчтой санал гэх мэтчилэн мэддэг боловч яг юуг хэлдэг, хувь хүнд болон аж ахуйн нэгж байгууллагад ямар ач холбогдолтойг тэр бүр сайн мэддэггүй. Аливаа шинэ мэдлэг, мэдээлэл бий болсноор оюуны өмч үүсэн бий болох үндсэн суурь тавигдана.

Энэхүү мэдлэгээ оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцооны дагуу хамгаалалт хийлгэж, патент, гэрчилгээ авснаар оюуны өмч үүсдэг. Ингэж хамгаалуулаагүй бол оюуны өмч биш. Хүн оюуны өмчөө баталгаажуулснаар өөртөө баялаг бий болгож байна гэсэн үг. Оюуны өмч эзэндээ ямагт баялаг авчирдаг. Гэхдээ аливаа оюуны өмчийн бүтээл нь техник технологийн хувьд болон бусад ямар нэг байдлаараа өмнө нь өөр хүний бүтээсэн тийм бүтээлээс шинэлэг байх ёстой. Бас эдийн засгийн тодорхой хэмжээний үр ашиг гаргахыг зорих учиртай байдаг.

Аливаа бүтээлийг хийхийн өмнө хүнд эхлээд санаа төрдөг. Зохион бүтээгч хүн тухайн бүтээлийн санаа төрмөгц л оюуны өмчийн мэдээллийн баазаас хайлт хийх шаардлагатай. Таны хийх буй бүтээлтэй ижил ямар ямар бүтээл байна, тэднээс таных юугаараа ялгаатай, ямар давуу болон дутагдалтай тал байгааг заавал олж мэдэх хэрэгтэй. Оюуны өмчийн мэдээллийг судалснаар өөрийнхөө хийх буй бүтээлийг шинэ, содон, хүнд хэрэгтэй зүйл болж чадах уу гэдгийг тодорхойлох. Нөгөө талаас бүтээлийнхээ дутагдалтай талыг сайжруулах, бусад ижил төсөөтөй бүтээлүүдтэй харьцуулж илүү сайжруулахад тус болох зүйлсийг мэдэж авна. Мөн түүнчлэн бид тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход өөрийн гэсэн өвөрмөц загвартай, онцлогтой байх ба сав баглаа бодлын хийц загварт анхаарах хэрэгтэй. Цаашилбал эрхийн хамгаалалт хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд байнга эрэлттэй байлгах үүднээс шинэчлэх, мониторинг хийж байх ёстой болов уу.

  • Оюуны өмчийн салбарт танай Холбооны цаашид хийх ажлын төлөвлөгөө болон ММҮИ, мэргэшсэн үнэлгээчидтэй хамтарч ажиллах боломжийг хэрхэн харж байна вэ?

Бид хувь хүн, үйлдвэрлэгчдэд аж үйлдвэрийн өмчийн зөв ойлголтыг өгөх, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг зөв зохистой хийх, хүний хийж бүтээсэн бүтээлийг зөвшөөрөлтэйгөөр ашиглах, цаашилбал эдийн засгийн эргэлтэнд оруулах, тал дээр анхааран ажиллаж оюуны өмчийн үндэсний стратегийг баталсан. Тэгэхлээр Холбоо тус салбарыг хөгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулах болно. Одоогийн байдлаар бид 2017 оны төлөвлөгөөг боловсруулах ажилдаа орсон бөгөөд анхаарах гол асуудлын нэг бол оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ба энэ чиглэлээр тодорхой ажил, туршлага судлах хэрэгтэй байна. Бид дотроо оюуны өмчийн чиглэлээр тодорхой сэдвээр сургалт явуулах, гадаад дотоодын ижил төстөй байгууллагуудтай холбоо тогтоож ажиллах, туршлага солилцох, сургалтанд хамрагдах ба оюуны өмчийн тулгамдсан сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах, дугуй ширээний уулзалт хийх гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн байгаа.

Тиймээс бид байгууллага хороондын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хамтарсан төсөл хөтөлбөрт хамрагдах, хамтын ажиллагааг хөгжүүлж нийгэм рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулснаар тухайн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэх гарц, аргуудыг тодорхойлох боломжтой.

Одоо үед аливаа бизнесийг хийхэд оюуны өмчийн талаарх мэдлэг, мэдээлэл чухал ач холбогдолтой болсон. Ихээхэн хөрөнгө оруулах, хугацаа шаардсан бизнес эрхлэхэд оюуны өмчийн мэдээлэл, тухайлбал патентын мэдээллийг зайлшгүй лавлах хэрэгтэй. Цаашдаа ач холбогдол нь улам нэмэгдэнэ.


(Ярилцлагыг Хөрөнгийн үнэлэгчдийн институтын
ажилтан П.Болормаа Хөрөнгийн үнэлгээ сэтгүүлд
өгсөн ярилцлага, 2017 оны 1 дүгээр улирал)

Read 1799 times

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top